Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын мэдээлэл технологийн практик ур чадварын “ТОПСИТ” шалгалтыг 2017 оны 10-р сарын 10,11,12 ны  өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн шалгалтад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн инженер, техникийн ажилтан, мэдээлэл технологийн мэргэжилтэн, хүний нөөц болон оффисын хэрэглээндээ мэдээллийн технологийг өдөр тутам ашигладаг албан хаагчдыг үнэ төлбөргүйгээр хамруулсан ба шалгуулагчид олон улсын түвшинд өөрийн зэрэглэлийг тогтоох ач холбогдолтой юм.  Мөн өндөр оноо авсан шалгуулагчийг БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институц /Institute for Information and Communications Technology Promotion/-ын урилгаар тус улсын техник технологийн хөгжилтэй танилцах тусгай хөтөлбөрт хамруулна.

TOPCIТ нь мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилчид,  программ хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх, олон улсын стандартыг хангахуйц тестийн тогтолцоог бүрдүүлэх, дэвшилтэт технологи, аргачлалд суурилсан сургалт, шалгалтын систем бөгөөд уг шалгалтыг компьютер дээр 5 түвшний 65 асуултаар, нийт 1000 оноогоор дүгнэдэг олон улсын шалгалт юм.

Монгол Улсад мэдээлэл, технологийн ажилтнуудын суурь стандарт тогтоох, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл, технологийн үйл ажиллагаа харилцан уялдаатай, нэгдсэн стандарттай болох ажлын эхлэл TOPCIT шалгалтаар тавигдаж байна гэж зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here