ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР 23 НЭР ТӨРЛИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ 30 ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
36 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 2 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны Сүхбаатар танхимд зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн нар болон УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэгч яамд, төрийн байгууллагуудын удирдлагууд оролцов. 

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын эхний жилийн /2022-06-17-ноос 2023-06-17 хүртэлх/ хэрэгжилтийн явц, 36-р тогтоолыг эрчимжүүлэх зорилго бүхий 2023 оны Монгол Улсын Их Хурлын түр хорооны 02 дугаар тогтоол, Засгийн газрын 63 дугаар тогтоолын төлөвлөлт, хэрэгжилтийн явцын талаар хэлэлцлээ. Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 6.3-т заасан аргачлалыг баримтлан Улсын Их Хурлын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын 7 яам, 14 газарт хамаарах 5 чиглэлийн 114 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээг хийжээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолын дагуу засгийн газраас 13 хувийн хүүгийн дэмжлэгийг хариуцан төлж, банкны эх үүсвэрт тулгуурлан олгохоор шийдвэрлэсэн ба хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатайгаар Мал аж ахуйн үйлдвэрлэлд 132.3 тэрбум төгрөг, Газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6 тэрбум төгрөг, Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээс олгохоор шийдвэрлэж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлд нийт 1261 үйлдвэрлэл эрхлэгчид 187.1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

Уг тогтоолын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газар нь 2023 онд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 3 удаагийн тендер шалгаруулалтын үр дүнд 4 нийлүүлэгчтэй 23 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авах 30 ерөнхий гэрээ байгуулж, цахим дэлгүүрт байршуулаад байна.  

2023-06-30 16:56:43